Saturday, March 10, 2012

Цахим үнэмлэх

Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 11 гэхэд хэвлэж дуусна

2012 оны 2-р сарын 29
Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 11 гэхэд хэвлэж дуусна
Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил нэлээн хожуу буюу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлж, зургадугаар сарын 11 гэхэд дуусах аж.

Хэвлэж бэлэн болсон цахим үнэмлэхийг дор бүр нь тараах юм. Хамгийн сүүлд хэвлэгдсэн үнэмлэх зургадугаар сарын 21 гэхэд иргэдийн гар дээр очсон байхаар төлөвлөжээ.

Энэ тухай ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УБЕГ-ын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амарсанаа нар өнөөдөр мэдээллээ.

Цахим үнэмлэх хэвлэх бэлдцийг Францын “Жемальто” компанийн Финлянд дахь салбарт хийж байгаа бол үнэмлэх хэвлэх хоёр машиныг АНУ-ын Датакарт компаниас авчран суурилуулаад байна.

Цахим үнэмлэх хэвлэх эхний 60 мянган ширхэг бэлдэц дөрөвдүгээр сарын 3-нд, хамгийн сүүлийн 439495 ширхэг бэлдэц зургадугаар сарын 1-нд Финляндаас ачигдах юм. Бэлдэц Монголд иртлээ хоёр хоног зарцуулна. Харин хэвлэх машин 3 секундэд нэг үнэмлэх хэвлэх бөгөөд бэлдэц ирсэн өдрөөс нь хоногт 20 цагаар ажиллан 48 мянган иргэний үнэмлэх хэвлэж байхаар хуваарь гаргаад байгаа юм байна. Харин иргэдийг өөрсдөө санаачилгатай байж, авчирч өгнө гээд хүлээгээд байлгүй баг, хороон дээрээсээ очиж үнэмлэхээ авах хэрэгтэй гэдгийг тэд сануулсан юм.

Г.Баясгалан даргын хэлж байгаагаар иргэний цахим үнэмлэхний загвар, тодорхойлолтыг өнгөрсөн оны долдугаар сарын 1 гэхэд Засгийн газарт оруулж батлуулах үүргийг тэргүүн шадар сайдад Н.Алтанхуягт өгсөн ч таван сараар хоцорч, арваннэгдүгээр сарын сүүлчээр батлуулжээ. Ингээд цахим үнэмлэх хэвлэх бэлдцийг хийлгэхээр сонгосон Францын “Жемальто” компанид илгээсэн ч тус компани загвар болон нууцлалын түвшинд өөрчлөлт хийх саналаа энэ оны нэгдүгээр сарын 19-нд ирүүлжээ. Гэтэл энэ хооронд АН Засгийн газраас гарч, тэргүүн шадар сайдын орон тоо байхгүй болсноос улсын бүртгэлийн асуудал ХЗДХЯ-ны харьяанд ирэхэд энэ ажил эзэнгүй орхигдсон байж. Ингэж цаг алдсаар энэ оны хоёрдугаар сарын 1-нд Засгийн газраар загвар, тодорхойлолтыг дахин өөрчлөн баталсан байна. Шинэ загвар батлагдсаны дараа ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан энэ ажлыг хариуцсан хоёр хүний хамт Финлянд явж, “Жемальто” компанийнхантай уулзан, дээрх байдлаар шийдэхээр ярилцаж тохирчээ.

Иргэний цахим үнэмлэхийг хэвлэхэд нэлээн нарийн технологийн дагуу ажиллагаа шаарддаг учир хугацааг үүнээс илүү наашлуулах боломжгүй юм байна. Харин 2011 оны долдугаар сард загвар, тодорхойлолтоо баталчихсан бол энэ ажил ингэж сунжрахгүй байсан гэнэ. Түүнчлэн арваннэгдүгээр сард баталсан загварыг өөрчлөх тухай “Жемальто” компанийн саналыг Засгийн газарт яаралтай танилцуулаагүйгээс нэмж хугацаа алдахад хүрсэн гэдгийг ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хэлж байна.